"Монгол улсын боловсролын статистикийг боловсронгуй болгох нь" сэдэвт сургалтад хамрагдлаа.

"Монгол улсын боловсролын статистикийг боловсронгуй болгох нь" сэдэвт сургалтад хамрагдлаа.

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нэгдсэн үндэстний Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Статистикийн хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн сан болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хамтран Монгол Улсын боловсролын статистикийн чадавх бэхжүүлэх сургалт семинарыг 2017 оны 04 дүгээр сарын 11-нээс 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. 

Энэ сургалт-семинар нь Тогтвортой хөгжлийн зорилго 4 (ТХЗ 4)-ийг дэлхий нийтийн хийгээд сэдэвчилсэн шалгуур үзүүлэлт болон арга зүйн талаар ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлж, олон улсын болон үндэсний хэмжээнд шаардлагатай шалгуур үзүүлэлт боловсруулах ур чадвар дээшлүүлэх замаар боловсролын статистикийн тогтолцоог үндэсний хэмжээнд бэхжүүлэх зорилготой юм. Боловсролын статистикийн аргачлал болон механизмыг үндэсний хэмжээнд бэхжүүлснээр боловсролын салбарын мэдээллийн тогтолцоог цаашид боловсронгуй болгож, улмаар ТХЗ 4 – Боловсрол 2030 хөтөлбөрийн зорилтуудын ахицыг үнэлэх мэдээллийн суурийг бий болгох юм. Монгол Улсын боловсролын салбарын удирдлага, мэдээлэл боловсруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох бусад агентлаг, байгууллагаас мэдээллийн сан, статистик хариуцсан мэргэжилтнүүд, шинжээчид нийт 30 гаруй хүн уг сургалтад оролцлоо.

Сургалтыг нээж: НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Р.Бенес, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын Боловсролын хөтөлбөрийн мэргэжилтэн Р.Паруа болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга нар үг хэллээ.

Сэтгэгдлүүд