Сургалтын технологийн шинэчлэлд.

Сургалтын технологийн шинэчлэлд.

Оршил
Сурган хүмүүжүүлэх аливаа үзэгдлийг онол, практик арга зүй, туршлагын түвшинд судалснаар боловсролын салбар дахь онолын аливаа шийдэл улам бүр амьдрал, бодит байдалд ойртох юм. Хэт хийсгэвэр онолын дүгнэлт, үзэл санаа, мэдлэг нь шууд хэрэглээ болдоггүй учраас түүнийг заах арга зүйн түвшинд түгээмэл байдлаар шилжүүлж, төгс боловсронгуй болгох технологиор хэрэгжүүлбэл, үр дүнд хүрэх нь зайлшгүй. Сурган хүмүүжүүлэх тогтолцоонд сургалтын зорилтууд ба түүнийг хэрэгжүүлэх технологи гэсэн шинжлэх ухааны онолын хоёр чухал ойлголт зайлшгүй оролцдогийг эрдэмтэд технологи боловсруулах явцдаа олонтоо нотолж байлаа. Эндээс үзвэл сурган хүмүүжүүлэх үйл явц бүхэлдээ түүний доторх үе шат, цикл тус бүрийн зохистой хослол, эргономик мөрдөмж, үр дүнгээс хамаарна.
Сургалтын технологи
ЮНЕСКО-гийн тодорхойлсноор сурган хүмүүжүүлэх технологи бол хүний болон технологийн нөөц, боловсролын хамгийн үр ашигтай хэлбэрүүдийн хоорондын харилцан үйлчлэлийг тооцох замаар суралцагч мэдлэг эзэмших , боловсрол олох бүх үйл явцыг төлөвлөх, хэрэглэх, үнэлэх системийн аргуудын цогц юм. Энэ технологийг мотивацын, үйл ажиллагааны, удирдлагын гэж ангилж болох бөгөөд түүнийг сургалтанд нэвтрүүлснээр:

  • суралцагч дүрслэн бодохуйгаа бүтээлчээр хөгжүүлэх, тогтсон сэтгэлгээнээс салах орчин үеийн арга хэрэгслүүдийг эзэмших
  • суралцагч сургалтын материалыг шинэ хэлбэрээр төсөөлж сурах
  • боловсрол, сургалтын бүтээлч орчныг хангахуйц сурган хүмүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх
  • техникийн бүтээлч зорилтуудыг шийдэх туршлагатай болох
  • асуудал дэвшүүлэн шийдэх сургалтын түвшинг тооцож танин мэдэх үйл ажиллагааны явцыг удирдахад суралцдаг байна .

Ер нь сурган хүмүүжүүлэх технологийн сонголт нь суралцагчийн суурь бэлтгэлийн ба багшийн мэдлэг чадвар мэргэшилтийн түвшин, сургалтын зорилгоор тодорхойлогддог билээ. Шинжлэх ухаан, техник ихээхэн хурдацтай хөгжиж агуулгын багтаамж асар их болсон өнөө үед хичээлээр үзэх зүйл их шахуу болсон . Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд суралцагчаа хөгжүүлэх явдал нэн чухал. Ертөнцийг үзэх шинжлэх ухааны үзлийн тулгуур нь нэгтгэн цэгцэлсэн шинжлэх ухааны мэдлэгийн систем байдаг. Системийн шинжилгээний судалгаа нь тулгуур дохиотой танилцахаас эхлэх ба өнгөрсөн зууны наяад онд украйны бүтээлч багш В.Ф.Шаталов шавь нарынхаа танин мэдэх үйл ажиллагааг хэсэгчлэн зохион байгуулж идэвхжүүлэн уралдуулах сурган хүмүүжүүлэх технологийг боловсруулан хэрэглэж асар их үр дүнд хүрсэн билээ.
Английн судлаач Дэвид Хокриджийн “Сурган хүмүүжүүлэх технологийн өнөө ба ирээдүй” бүтээлд дурьдснаар сурган хүмүүжүүлэх технологи нь өргөн утгаараа сургалтын төлөвлөгөө, сургалтын хөтөлбөр боловсруулахаас эхлээд сургалтын зорилтуудыг тодорхойлох, эдгээрт хүрэх агуулгыг сонгож боловсруулах, сургах, сурах үйл явцыг зохион байгуулах зэрэг үйлийг багтаасан цогц ойлголт юм гэж үзсэн байна .
Сургалтын оновчтой технологи боловсруулан хэрэгжүүлснээр бие хүний боловсрол, хүмүүжил төлөвшлийн асуудлыг иж бүрнээр нь авч үзэх; сурагчдад сургалтын агуулгыг эзэмшүүлэх, урьдчилсан төлөвлөлт хийх, зохион байгуулах, мэдлэг чадвар эзэмшиж байгаа байдалд хяналт тавих асуудлыг богино хугацаанд эрчимтэй шийдвэрлэх боломжтой болно. Сургалтын технологийг боловсронгуй болгон шинэчилснээр сурган хүмүүжүүлэх (макро төвшинд) болон хичээлийн (микро төвшинд) технологийг төгс болгох оновчтой хувилбар сонгох үндсийг бий болгож чадна. Сургалтын тодорхой технологи боловсруулахын тулд сургалтын процесс нь сэтгэл зүй , залуур зүй, СХУ- ны хоорондоо холбоо бүхий иж бүрэн цогц үйл явц учраас сэтгэл зүйн ухааны талаас сурагчдын танин мэдэх тэмүүллийг СХУ-ны талаас тэдний мэдлэг эзэмших арга буюу танин мэдэх бүтээлч үйл ажиллагааг, сэтгэлгээг хөгжүүлэх, залуур зүйн ухааны талаас удирдлагын мөрдөмжийг боловсронгуй болгон мэдээллийг багцлах, нэгтгэх зэрэг хоорондоо уялдааа холбоо бүхий процесс юм. Товчоор хэлбэл мэдлэгийг нэгтгэн цэгцлэх, загварчлах үйлд хүүхдийг сургаж, цаашид сэтгэхүйн бие даасан бүтээлч үйл хийх аргад (өөрөө таньж мэдэх, сурах) сургахаар хичээлийн технологийг боловсруулахад дээрх шинжлэх ухааны ололтыг ашиглах ёстой гэсэн үг болно.
Сургалтын технологийг боловсруулахдаа сурган хүмүүжүүлэх тогтолцооны бүтэц, бүрэлдэхүүнийг тус тус анхаарч, сургалтын зорилго ба сургалтын процессийг харилцан зохицсон нэгэн утгатайгаар тодорхойлох шаардлага зайлшгүй гарч ирнэ. Хэрэв сурган хүмүүжүүлэх тогтолцооны “зорилго-процесс-үр дүн” гэсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг дутуу үнэлэх буюу буруу тооцоолбол онолын хуьд ч сургуулийн практикт ч сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанд ч нөлөөлнө. Иймд сургалтын технологийг боловсруулахдаа дээрх бүрэлдэхүүн хэсгүүдийг зөв оношлон тодорхойлохын хамт дараах зарчмыг баримтлалаа. Үүнд:

  1. Суралцагчдын төрөлх шинж чанарт тохирсон байх зарчим - Үүнийг суралцагчдын байгалиас заяасан унаган шинж төрх ба тэдний оюун ухааны хүч, хөгжилд тохируулан сургалтын процессийг зохион байгуулах. Энэ зарчмын тодорхойлогч үндсэн хэмжигдэхүүн нь суралцагчдын сурах хүсэл тэмүүлэл ба тэдний сурах хөдөлмөрт хандах хандлага болно. Өөрөөр хэлбэл, сургалтын технологийг сонгон авахдаа уян хатан олон хувилбартай байх чиглэлийг барина гэсэн үг.
  2. Эрчимтэй байх зарчим - Сургалтын процесс нь тэр хугацаандаа сургалтын зорилтыг арай өндөр түвшинд тавьж илүү хурдан шийдвэрлэхийг шаардана. Энэ зарчим нь сурагчдад тухайн үйл ажиллагааг (мэдлэгийг) сургалтын процесст эзэмшиж байгаа хурдаар буюу сурах үйл ажиллагааны явцад хамгийн их хүч цаг, сургалтын хэрэгсэл зарцуулан хамгийн дээд үр дүнд хүрэх зохион байгуулалт, удирдлагын максимакс хэлбэрээс хамгийн бага хүч, цаг, сургалтын хэрэгсэл зарцуулж, дээд зэргийн үр дүнд хүрэх минимакс хэлбэрт шилжиж чадаж байгаа эсэхээрээ тодорхойлогдоно.
  3. Үйл ажиллагаанд тулгуулах зарчим - Амьдрал үйл ажиллагаанаас салангид мэдлэг гэж байж болохгүй. Учир нь амьдрал хөдөлмөрт бэлтгэхийн тулд боловсрол олгож, сургалтыг зохион байгуулдаг билээ. Иймд үйл ажиллагаанд тулгуулах зарчим гэдэг нь сургалтын ямарч технологи боловсруулах явцад онол практикийн нэгдлийг хангаж, бодит үйл ажиллагаа хөдөлмөрийн үйл явцад тасралтгүй оролцох нөхцөлийг хангах ёстой гэсэн үг

“Сургалтын техонолги” гэдэг ухагдахуун нь өөртөө сургалтын зорилго, агуулга, нөхцөл, хэрэглэгдэхүүн, түүнийг зохион байгуулах хэлбэр, багш, сурагч, сургалтын арга, үр дүн, гэсэн олон бүрэдэхүүн хэсгийг агуулах өргөн хүрээтэй ухагдахуун юм. Технологи нь сургалт явуулахад хэрэглэгдэж байгаа хязгаарлагдмал нөөцийг мэдлэг хэрэглээ болгон хувиргахад хэрэглэгддэг бүхий л хэрэгслийг хамарсан ухагдахуун юм. Суралцагчийг хөгжүүлэх тэдэнд боловсрол олгох аргын нөлөөллийг дээшлүүлэхэд сургалтын мэдээллийг хэрхэн оновчтой ашиглаж технологио сонгох нь зүйтэй юм.


Доктор Ц.Рэнцэнханд

Сэтгэгдлүүд