Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн ерөнхий захирал Одри Азулэйгээс ирүүлсэн илгээлт

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн ерөнхий захирал Одри Азулэйгээс ирүүлсэн илгээлт

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын өдрийг жил бүр тэмдэглэх нь ямарваа нэгэн хөгжлийн бэрхшээлтэйгээр энэ дэлхий дээр амьдарч буй нэг тэрбум гаруй хүмүүсийг ялгаварлан гадуурхах явдлыг таслан зогсоохын төлөө хамтдаа тэмцэх хэрэг билээ. Энэ өдөр нь боловсрол, шинжлэх ухаан, соёл, харилцаа холбоо, мэдээллээр дамжуулан тэдний оролцоог хангаж, хүчирхэгжүүлэхийн төлөө ажиллах амлалтаа дахин бататгах боломж юм.

Хөгжил нь хүний язгуур эрх, эрх чөлөөнд суурилаагүй бол тогтвортой байх боломжгүй бөгөөд Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр нь "хэнийг ч орхигдуулахгүй" байхыг амладаг. Бид илүү уян хатан нийгмийг бий болгохын тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах явдлыг өөрсдийн үйл ажиллагааны гол цөмд тавьж, эрэгтэй, эмэгтэй хүн бүрийг зорилго, зорилтоо биелүүлэх боломжийг бүрэн ашиглах нөхцөл бололцоогоор хангах ёстой.

2006 оны Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцыг нийт 177 гишүүн улс батлаад байгаа бөгөөд энэхүү тоо өсөн нэмэгдэж байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй холбогдох асуудлуудыг шийдвэрлэх арга зам, хандлага өөрчлөгдөж буйг илтгэж байна. Хэдий тийм ч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, тусгаарлалт болон гутаан доромжлолтой тулгарсаар байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэт эмзэг байдлыг шийдвэрлэхийн тулд нийгмийн бүх салбарт шинэлэг шийдлүүд олж хэрэгжүүлэх нь нэн чухал байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шийдвэр гаргах, бодлого боловсруулах бүх үйл явцад оролцуулах хэрэгтэй. Энэ нь улс төр, нийгэм, соёлын амьдралд оролцохыг нь хөхиүлэн дэмжиж олон ургалч, нээлттэй, оролцоог дэмжсэн, мэдлэгт суурилсан дэлхий ертөнцийг бий болгоно гэсэн үг юм. Ингэснээр бидний нийгэм чухамдаа хүн бүрийг хамруулсан нийгэм болох юм.

Боловсрол бол хамгийн эхний маш чухал алхам юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, өсвөр үеийнхэн сургуульд хамрагдаагүй эсвэл бага боловсрол эзэмшихээсээ өмнө сургуулиас завсардах магадлал ихтэй байдаг. ЮНЕСКО нь өөрийн түнш болох Бүх нийтийг хамарсан, тусгай хэрэгцээт боловсролын Европын агентлагийн дэлхийн нөөцөөр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүх түвшний боловсрол, мэргэжлийн сургалтад тэгш хамрагдах боломжоор хангахад нь гишүүн улсуудад дэмжлэг үзүүлж байна.

Бид мөн өнгөрсөн жил баталсан Казаны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг урагшлуулахын төлөө чадах бүхнээ хийх ёстой. ЮНЕСКО нь энэхүү үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр бие бялдрын боловсрол, биеийн тамир болон спортыг дэлхий даяар хүн бүрд хүртээмжтэй болгохыг зорьж байгаа билээ.

Мэдлэг, мэдээлэл, үйлчилгээний хүртээмжтэй байдал болон амьдралдаа илүү ихээр хяналт тавих боломжийг олгодог шинэлэг тоон шийдэл, нөөцийн технологиуд нь бүх нийтийг хамруулах үйл ажиллагааны бас нэгэн чиглэл байх хэрэгтэй. ЮНЕСКО/Эмир Хабэр аль-Ахмад аль-Хабер аль-Сабагийн нэрэмжит Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цахим хүчирхэгжилтийн шагналын ач холбогдол нь энэ бөгөөд тэдгээр технологиор дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад хувь нэмэр оруулсан хувь хүн, байгууллагуудыг энэ жил шалгаруулах юм.

Бид энэ жил Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ойг тэмдэглэж байгаа бөгөөд хүн бүрийг, түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэгш хамруулах, оролцоог нь хангах, хүчирхэгжүүлэх асуудал урьд өмнөхөөсөө ч илүү чухал болж байна. Энэ нь хүн бүр эрх тэгш, нэр төртэй амьдрахын төлөө сайн сайхан ирээдүйг бий болгох тухай асуудал юм.

Эх сурвалж: ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс

Сэтгэгдлүүд