Бүх нийтийн боловсролын 7 хоног

Бүх нийтийн боловсролын 7 хоног

Сенегалын Дакар хотноо 2000 онд “Боловсролын Дэлхийн дээд хэмжээний чуулга уулзалт”-аар НҮБ, олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагууд, дэлхийн улс орнууд хамтран Бүх нийтийн боловсролын Жомьтейны тунхаглалын зорилтын хэрэгжилтийг үнэлэн дүгнэж, хүрсэн амжилт, тулгарч байгаа саад бэрхшээл, сөрөг үр дагаврыг хэлэлцэж, “Бүх нийтийн боловсролын  Дакарын үйл ажиллагааны хүрээ”-г батлан, 2015 он хүртэлх дэлхий дахины Бүх нийтийн боловсролын 6 зорилтыг дэвшүүлсэн:

  • Сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсрол, халамжийг сайжруулах
  • Бүх нийтээр бага, суурь боловсрол  эзэмших
  • Залуучууд, насанд хүрэгчдийн сурч боловсрох боломжийг нэмэгдүүлэх
  • Насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалтын түвшинг 50 хувиар дээшлүүлэх
  • Боловсрол дахь жендерийн тэгш байдлыг хангах
  • Боловсролын чанар дээшлүүлэх

 

Бүх нийтийн боловсрол нь боловсролын үйлчилгээг хүн амын эрүүл мэнд, хөдөөгийн хөгжлийг сайжруулах, ядуурал, ажилгүйдлийг бууруулах, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих, нийгмийн эмзэг хэсгийн халамж, хамгааллын үйлчилгээтэй нягт уялдуулан хөгжүүлэх цогц асуудал бөгөөд хүний суурь эрхийг бэхжүүлэх үндсэн дээр хүний хөгжлийг хангахад чиглэгдсэн  Засгийн газар, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, хувийн салбар бүх нийтээрээ нэгдсэн өргөн түншлэл, хамтын хүчин чармайлт, үйл ажиллагаа юм.

Эдгээр зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх, олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор Бүх нийтийн боловсролын 7 хоногийг дэлхий даяар уламжлал болгон  жил бүр тэмдэглэж ирсэн.

Энэ жил Монгол улс Бүх нийтийн боловсролын 7 хоногийг 5 дугаар сарын 4-11-ний өдрүүдэд “Боловсрол ба хөгжлийн бэрхшээл” сэдвийн хүрээнд “Тэгш эрх, тэгш боломж” уриан дор  тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Энэ жилийн “Бүх нийтийн боловсролын 7 хоног”-ийг Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын ЮНЕСКО-гийн Үндэсний комисс, Насан туршийн боловсролын үндэсний төв, “Бүх нийт боловсролын төлөө !“ Иргэний нийгмийн үндэсний эвсэл, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо” зэрэг байгууллагууд хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурах, боловсрол эзэмших эрхээ эдлэхэд тулгарч буй асуудлыг хөндсөн үйл ажиллагаанууд зохион байгуулж байна.

Сэтгэгдлүүд