Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье

Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье

Жил бүрийн 04 дүгээр сарын 30-ныг “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр” болгон дэлхий нийтээр 1998 оноос тэмдэглэж иржээ. Манай улс Хүүхдийг Ивээх Сангийн санаачилгаар 2006 оноос жил бүр уламжлан болгон энэ өдрийг тэмдэглэж байна. Энэ өдөр олон улсад эцэг эхчүүд, асран хамгаалагчид, сурган хүмүүжүүлэгчид хүүхэдтэй хэрхэн харилцаж, хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлдэг билээ.

Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход Монголын нийт багш, сурган хүмүүжүүлэгч та бүхний үүрэг, оролцоо, дэмжлэг нэн чухал.

“Боловсролын орчинд хүүхдийг зодож шийтгэхгүй байх” тухай хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэхэд багш, сурган хүмүүжүүлэгчидонцгойлон анхаарах хэрэгтэй. Түүнээс гадна хүүхдийг зодож шийтгэхгүйгээр хүмүүжүүлэх аргуудыг эцэг эх, асран хамгаалагч, олон нийтэд сурталчлан таниулахад багш, сурган хүмүүжүүлэгч та бүхний оролцоо, дэмжлэг мөн чухал.

Сурагчдыг буруу зүйл хийсний төлөө гар хүрэх, загнаж доромжлох нь багш, сурган хүмүүжүүлэгчдийн хэрхэвч гаргаж болохгүй үйлдэл.Зодуулж, загнуулдаг сурагч ирээдүйд бусдыг зоддог, загнадаг хүн болно. Тиймээс таны үгэнд орохгүй, хичээл сурлагадаа анхаарахгүй, эсвэл хичээл дээр үймүүлээд байвал сурагчдыг зодож цохих, загнаж доромжлохоосоо өмнө “би тэр хүүхдийг ирээдүйд хэн болгох гэж байна вэ?” гэдгээ сайн бодоорой. Хэрэв багш та сурагчдаа хэрхэн зөв сурган хүмүүжүүлэх аргаа олохгүй бол сургуулийнхаа бусад багш нар, нийгмийн ажилтантай ярилцаж болно шүү дээ. 

Та бүхэн хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх талаарх товч мэдээллийг хавсаргасан танилцуулгаас харж болохоос гадна Хүүхдийг Ивээх Сангийн www.facebook.com/pages/Save-the-Children-in-Mongolia хаягаар зочлоорой. 

Та бүхний сурган хүмүүжүүлэх их үйлсэд амжилт хүсье.

Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөрт зориулав.

Хүүхдийн эрх бүхий л орчинд хамгаалагдсан байх учиртай. Багш нь сурагчийн биед халдах, сэтгэл санааны дарамт учруулж, нэр хүндийг нь унагаах эрхгүй. Сурган хүмүүжүүлэгч гэдэг утгаараа багш хүн гэдэг хүүхдийн зүггүй буруу үйлдийг нь засч учрыг тайлбарлаж, хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэх учиртай. Видео эх сурвалж:©Save the Children in Mongolia

Posted by Save the Children in Mongolia on Tuesday, April 22, 2014

Хүүхдийг зодож шийтгэх явдлыг таслан зогсооё! Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Намсрайн Сувд: “Хүн бүр үр хүүхэддээ хайртай. Хүүхдээ хүмүүжүүлэх гээд зодож байгаа юм зарим эцэг эх тайлбарладаг. Зодуураар хайраа илэрхийлж болохгүй шүү дээ. Хүүхдээ айж эмээхээс хамгаалцгаая!” Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров: “Хүн гэдэг адгуусан амьтдаас ухаалгаараа ялгаатай. Хэрэв ухаалаг л юм бол үр хүүхдээ ташуур шилбүүрээр хүн болгож таарахгүй. Хуулийн дор амьдарч, хуулиар бүгдийг зохицуулж байгаа нийгэмд аж төрж байгаа бид үүнийг хуульчлах л хэрэгтэй.”

Posted by Save the Children in Mongolia on Wednesday, April 30, 2014

Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг энэ аянд 21 аймгийн орон нутгийн телевизүүд, нийслэлийн 9 дүүрэг, Монголын Хүүхдийн Ордон, Өргөө-1, Өргөө-2, Тэнгис кинотеатрууд, Номин Холдинг ХХК, МҮОНРТ, ETV, ZaTV тус тус нэгдэж Хүүхдийг зодож шийтгэхийг хориглох, эерэг аргаар, үлгэрлэн хүмүүжүүлэх сэдэвт шторкуудыг цацаж олон нийтэд хүргэн уриалж байгаад баярлалаа. Энэхүү шторкийг бэлтгэхэд бидэнтэй хамтран ажилласан Kiwi хамтлаг, Lemons хамтлаг, Чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт тамирчин Т.Одончимэг нартаа баярлалаа.Орон нутагт болон нийслэлийн дүүргүүдэд мэдээлэл хүргүүлэх ажлыг дэмжин ажилласан Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт баярлалаа. Хүүхэд зодуулж загнуулснаараа сайн хүн болдоггүй. Харин ч аймхай, хулчгар, өөртөө итгэлгүй, бусдыг дарамтлагч болж хувирдаг. Үүнийг сэтгэл зүйчид, олон тооны судалгаагаар нотолсон юм. Хүүхдийг зодож, загнаж, муу үгээр гутаан доромжлохгүй эерэг аргаар хүмүүжүүлж болно. Бусдын үгийг сонсдог, зөвшилцөн ярилцаж чаддаг, эерэг хандлагатай, хариуцлагатай нэгэн болгохын төлөө насанд хүрэгчид бид хүүхдийг өөрийн үйлдлээр үлгэрлэн чиглүүлэх учиртай.

Posted by Save the Children in Mongolia on Tuesday, April 29, 2014

Үр хүүхдийнхээ бахархан дуурайх хүн нь байя! Амьдралын элдэв өнгөн дунд томчууд бидний баярлах, гуних, догдлох, бухимдах, бахархах гээд сэтгэлийн олон янзын хувирлын дэргэд хүүхдүүд маань өсч байна. Тэд биднийг харж, сонсч, биднээс сурч байна. Насанд хүрсэн хүн байх, эцэг эх байхын учир их юм шүү.

Posted by Save the Children in Mongolia on Monday, April 28, 2014

Сэтгэгдлүүд