1000 ахмад багшийн "Дурсамж уулзалт" боллоо.

1000 ахмад багшийн "Дурсамж уулзалт" боллоо.

Монголын ахмадын өдөр, удахгүй тохиох Дэлхийн багш нарын 28 дахь, Монголын багш нарын 53 дахь баярын өдрийг тохиолдуулан ахмад багш нарын “Дурсамж уулзалт” хүндэтгэлийн арга хэмжээг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Монголын ахмад багш нарын холбоо зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд нийслэл болон бүх аймаг орон нутгийн нийт 30 мянга гаруй ахмад багш нарын төлөөлөл болох 1000 ахмад багш оролцлоо.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шилдэг бүтээлч ахмад багш, “Тэргүүний ахмад багш нарын холбоо, зөвлөл”-ийн шагналыг гардууллаа.

“Шилдэг бүтээлч ахмад багш”-аар Нийслэлийн Багануур дүүргийн малчин, орос хэлний багш М. Шинэ жил шалгарлаа. Тэрээр гавьяаны амралтаа авсан ч мал маллаж, олон зуун хүүхэд залууст, мал маллах, ногоо тарих зэрэг хөдөө аж ахуйн арга ухаанд сургаж байгаа нэгэн юм. Харин “Тэргүүний холбоо”-гоор МУИС-ийн ахмадын холбоо шалгарч, шагналаа гардлаа.

Энэ удаагийн “Дурсамж уулзалт” арга хэмжээ нь Ардыг гэгээрүүлэх яам байгуулагдсаны 95 жилийн ой, Монголын багш нарын 7 дугаар Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх агуулгаар зохиогдож байгаагаараа онцлог юм.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Дурсамж уулзалт” арга хэмжээнд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлснийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан уламжиллаа.

САЙД МЭНДЧИЛГЭЭНДЭЭ:

Эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч, гавьяаныхаа амралтыг эдэлж буй эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчдээ,

Та бүхнийхээ энэ өдрийн түмэн амар амгаланг айлтгаж, Олон улсын ахмадын өдөр, Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг тохиолдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны нэрийн өмнөөс болон хувиасаа энх тунх, эсэн жаргалтай байхын ерөөлийг чин сэтгэлийн халуун мэндчилгээтэй хамтатган дэвшүүлье.

Ахмад багш нартаа хүндэтгэл үзүүлэх “Дурсамж уулзалт”-ыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний ивээл дор манай ахмад багш нарын холбоо 14 дэх жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн уулзалт “Монгол Улсад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 95 жилийн ой, Монголын багш нарын VII их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх” уриан дор явагдаж байгаагаараа онцлог болж байна.

Манай ард түмэн эрт дээр үеэсээ эрдэм ухааныг эрхэм баянд тооцож багшийг шүтэн ирсэн уламжлалтай. Энэхүү уламжлалаа нандигнан хадгалж Монголын төр засаг багш нарын өдрийг 1966 оноос өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн. Энэ өдөр бол Та бүхэн эх орныхоо хөгжил цэцэглэлт, Монголын өрх айл, иргэн бүрийн аз жаргалтай амьдралын төлөө залуу нас, эрдэм мэдлэг, авьяас билэг, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсныг бахархан дурсаж, хүндэтгэл үзүүлэх өдөр.

Та бүхнийхээ хураан хуримтлуулсан ажил, амьдралын гайхам үнэ цэнэтэй баялаг туршлагыг хойч үед өвлүүлэх, зөв мэргэн сургаал зөвлөгөөг тань сонсох, бүтээн бий болгосон бүхнээр бахархан ярилцах нь энэ өдрийн бас нэгэн утга учир билээ.

Хүн ардаа үндэсний ёс, заншил, уламжлалаа дээдэлдэг, эх орноороо бахархдаг, боловсролтой хувь хүн болгон төлөвшүүлэх нэн хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргээ манай үе үеийн багш нар нэр төртэй биелүүлж, монгол төрийн түүхийн хөгжил дэвшлийн үе шат бүхэнд хөтөч болж ирснийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Та бүхний сургаж, хүмүүжүүлсэн шавь нар Монгол Улсыг хөгжүүлэх үйл хэргийг бүтээн байгуулагч, удирдан чиглүүлэгч төдийгүй эх орноо тив дэлхийд алдаршуулсан, бүтээлч хөдөлмөрөөрөө монгол хүний суу билэг, сэтгэлийн хат, оюуны чадавхийн гайхамшгийг дэлхийн түвшинд мэдрүүлж чадсаныг бахархан хэлэхэд таатай байна.

Энэ жил дэлхийн багш нарын өдрийг ЮНЕСКО-гоос “Залуу багш: ирээдүйн мэргэжилтэн” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Эрхэм хүндэт ахмад багш, сурган хүмүүжүүлэгчид ээ!

2019 он боловсролын салбарт түүхэн үйл явдлаар дүүрэн, шинэ хуудас нээсэн жил болж байна. Бид багш нарынхаа VII их хурлыг зохион байгуулж, өнгөрсөн 23 жилийн хугацаанд салбарын хэмжээнд авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээний алдаа, оноо гарц шийдлийг ярилцаж, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн багш нараа хэрхэн хөгжүүлэх арга замаа тодорхойллоо. Түүнчлэн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад багш нар үнэлгээ, дүгнэлт өгч, түүнд үндэслэн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын сайжруулсан хөтөлбөрийг батлан, улсын хэмжээнд ажиллаж байгаа 44.0 мянган багш, удирдах ажилтанд хүргэх сургалтыг энэ оны 8 дугаар сард зохион байгуулж, сайжруулсан сургалтын хөтөлбөр 9 дүгээр сараас хэрэгжиж байна. Энэ удаагийн сургалтын хөтөлбөр нь хэрэгжих явцад “сайжруулалт” хийсэн анхны туршлага болж байгаагаараа онцлог юм. Сайжруулсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхтэй уялдуулан хичээлийн жилийн зорилгоо ч “багш бүр хичээл, сургалтын бэлтгэлийг чанартай ханган, үр дүнтэй хэрэгжүүлэх”-д чиглүүллээ.

2019-2020 оны хичээлийн жилд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд нийт 39.6 мянган багш ажиллаж байна. Нийт багш нарын маань 27.0 хувь нь 30 хүртэл насны, 38.0 хувь нь 1-5 жил ажиллаж байгаа залуу багш нар байна. Иймээс манай ахмад багш нар хүүхэдтэй ажиллах арга барил, заах арга зүйн арвин туршлагаасаа залуу багш нартаа байнга зөвлөж, дэмжин тусалж, Монголын багш нарын VII их хурлын шийдвэрийг хамтдаа хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна.

Бид та нартайгаа ямагт хамт, хамгийн ойр байж, дэмжин тусалж, басхүү уг сургаал зөвлөмжийг тань сонсон ажил хэрэгтээ тусган хэрэгжүүлж байх болно.

Та бүхэн минь урт насалж, удаан жаргаж, бие тэнхлүүн, ухаан цэлмэг, амьдрал үйлс, буян заяа тань өөдлөн дэлгэрч байх болтугай.

Дурсамж уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье гэлээ.

Эх сурвалж: БСШУСЯ

Сэтгэгдлүүд