Аян замын тэмдэглэл-3

Аян замын тэмдэглэл-3

2015 оны 08 сарын 21-ны Баасан гараг

Бидэнтэй хамт сурагчдын дотуур байранд байрласан хүмүүс бол Тариалан сумын сургуулийн багш нар байлаа. Бидний хүнс хоолыг бэлдэж шөнө нойроо хасан байгаа нь үнэхээр гайхалтай хөдөлмөрч, сайхан сэтгэлтэй хүмүүс юмаа гэх бахдал төрүүлнэ. Мэдээж хэрэг өглөөг амттай хоолоор угтаж хоёр дахь өдрийн сургалтандаа орлоо. Энэ өдөр аймаг бүрийн багш мэргэжилтнүүд туршлага солилцож, санаа дэвшүүлж, асуулт хариултаа чөлөөтэй өрнүүлснээр тун ч үр бүтээлтэй өнгөрсөн юм.

Сургалт дуусч оройн хоолондоо орох болоход нутгийн зон биднийг гайхалтай нэгэн үдшийн зоогонд урилаа. Бидний тухлан очих “ресторан” маань Мөнх цаст уулын өвөр, Хархираа голын эрэгт ажээ. Жижиг тэрэг битгий хэл бидний жижиг автобус ч тэрхүү уулын ресторан руу очиход бэрх аж. Тиймээс хоёр УАЗ Фургон машин, хэдэн жип зочдыг ээлжлэн зөөж товлосон газар хүргэсэн юм. Үүний дараа амттай хоол, Увс нутгийн брэнд болсон бүтээгдэхүүнээр биднийг дайллаа. Мөнх цаст уулаас эх аван урсах цэвэр тунгалаг, ширүүн урсгалтай Хархираа гол бидний нүдийг баясгаж сэтгэлийг хөглөсөн юм. Энэ үдшийн оройн хоол хэзээ ч мартагдашгүй хаанахын ямар ч тансаг ресторанаас хэд дахин илүү гайхалтай байсныг энд дурсахгүй өнгөрч болохгүй нь. Үдшийн зоог дууссаны дараа Тариалан сумандаа хүрч очин галын наадамд оролцов. Насан туршийн боловсролын үндэсний төвийн багш мэргэжилтнүүдийн үйл ажиллагаа үр өгөөжөө өгч аймаг сум бүрт байгаа салбар төвүүдийн маань ажил үйлс энэ үдшийн галын дөл мэт үргэлж бадамлан асч байгаа гэсэн сайхан ерөөлийг өргөн дэвшүүлмээр байна. Өглөө бид их хотруугаа буцах ёстой. Бас Монгол орны хамгийн том нуурыг үзэж сонирхох ёстой.

2015 оны 08 сарын 22-ны Бямба гараг

Ачаагаа аль хэдийнээ янзлаад замдаа гарахад бэлэн боллоо. Гэхдээ их хотоо зорин хөдлөхийн өмнө Увс аймгийн төв Улаангомыг зорилоо. Цэвэрхэн, цэгцтэй хот газар биднийг угтаж авсан юм. Энэ хотод нэг ч шороон зам байхгүй гэнэ. Бүр гэр хорооллын замыг ч хучилттай болгон зассан гэлээ. Энэ л нутгаас төрөн гарсан аугаа хүчтэн Увс аймгийн Хяргас сумын харьяат Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол, ОХУлсын гавьяат тамирчин, Монгол үндэсний бөхийн дархан аварга, олимпийн мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, XX-р зууны манлай бөх, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор Х.Баянмөнх аваргын хөшөөг бидэнд хамгийн эхэнд сонирхуулсан юм. Тэрхүү эрхэм хүмүүний дүр хүрэл хөшөөнд сүр хүч, ид бяр нь тэгширсэн идэр насаараа дүрслэгджээ. Дараа нь аймгийн үүх түүх, баялаг сайхны дээжсийг хадгалан буй музейгээр зочилсон юм. Дурсгалын зураг татуулсанаар бидний Улаангом хоттой танилцах аялал өндөрлөж Монголын хамгийн том нуурыг үзэхээр хөдөллөө. Тариалан сумын засаг даргын урилгаар бид Увс нуурруу хүлгийн жолоо заллаа.

Увс нуур нь Увс аймгийн зүүн хойд хэсэгт оршдог,Их нууруудын хотгорын хойд захад байх Монгол улсын хамгийн том нуур юм. Нуурын хойд үзүүр ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад байрладаг. Олон мянган жилийн өмнө оршиж байсан асар том давст тэнгисийн үлдэгдэл ажээ.
Увс нуурт ТэсНарийнТүргэнХархирааХөндлөнСагилБоршооХандгайтТорхилог зэрэг их бага 38 гол цутгана. Увс нуур нь давслаг ихтэй бөгөөд энэ нь сульфат, натрийн ионуудаас үүднэ. Тус нуур нь 10 сараас 5 сар хүртэл хөлдөх бөгөөд зуны цагт гадаргын температур 25°C, ёроолын температур 19°C байдаг.Увс нуурт ногтруугалуухошуу галуубор галууангидагшар алаг нугас,улаан хүзүүт болон шунхан шумбуургэзэгт шумбуур, 362 төрлийн нүүдлийн шувууд дулааны улиралд ирнэ. Увс нуурын сав газарт 72 төрлийн хөхтөн амьтан байгааг эрдэмтэд тогтоожээ. 29 төрлийн загас байх бөгөөд үүнээс алтайн сугасыг идэх боломжтой.
Холоос цэв цэнхэр харагдах энэ нуурын ус эмчилгээний олон ач тустай гэнэ. Давс амтагдсан нуурын цэнгэг ус бүлээхэн байх нь сонин. Биднийг нуурын усанд сэлж байхад Тариалан сумын багш нар маань амттай хоол бэлдэж байлаа. Ийм амттай хоолыг дараа энэ нутагт ирэхдээ л амсах байх гэсэн санаашралтайгаар үдийн цайгаа ууж нутаг нутгийн зүг жолоо залах болсон юм. Хун хундаа дасдагын адил, хүн хүндээ дасдаг юм байж дээ. Энэ л дуугаар Увс нуурын эрэг дээрээс нутаг нутгийн зүг жолоо залан салцгаалаа. Зам цагаахан, сэтгэл дүүрэн. Бид зорьсон ажилаа бүтээсэн. Увс нуураас хөдөлснөөс хойш зогсолтгүй давхисаар үдшийн 10 цагийн үед Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг Даланбулаг гэдэг газар майхнаа барин хоноглох болсноор өнөөдрийн адал явдал өндөрлөлөө.

Сэтгэгдлүүд