Аян замын тэмдэглэл-4

Аян замын тэмдэглэл-4

2015 оны 08 сарын 23-ны Ням гараг

Өглөө 6 цаг болоогүй байхад боссоноор залуучууд буюу бидний нэрлэснээр “Үйлчилгээний баг” хоол хийх ажилдаа орлоо. Өглөөний унд хүнд хамгийн чухал нь. Өглөөний цайгаа уусанаар замдаа гарах болсон юм. Шахуу төлөвлөгөөтэй замдаа гарснаас нэг их удалгүй Завхан аймгийн нутаг руу орохын алдад автобусны маань түлш дуусчихав.

Замын ажлын машиныг зогсоож илүүчлэх түлш асуулаа. Гэвч харь нутгийн өөрөөр хэлбэл хятад хүн бидэнд түлш өгөх боломжгүйгээ хэлээд тоосон ч шинжгүй ажлаа үргэлжлүүлэн байсан юм. Нутгийн айл руу 20 минут орчим алхаж очин ойролцоох суурин газар асуухад хамгийн ойрхон нь Завхан аймгийн Сонгино сум 45 км гэлээ. Туслах боломж мөн л тэр айлд байсангүй. Харин нэг айл байгаа түлшээ бидэнд өгөх боломжтой төдийгүй халуун цайгаар дайлан их л элгэмсэг хүлээн авсан нь санаандгүй тохиолдлоор Увс аймгийн Боловсрол, соёлын газрын орлогч дарга Баянцэнгэлийн төрсөн ах байжээ. Ийнхүү түлштэй ч болж, өдрийн цайгаа ч ууж амжсанаар бидний зам цааш үргэлжилсэн юм. Завхан аймаг Сонгино суманд хүрч очсоноор түлшиндээ санаа зовох зүйлгүй болов. Зам дагуу байрласан бяцхан дэлгүүрүүдээр хэсч хүйтэн ундаа авч уусанаар эрч хүчээ сэлбэсэн юм. Ингээд л зам үргэлжилсээр. Замаараа Завхан аймгийн Нөмрөг, Тосонцэнгэлээр дайрч гарлаа. Харамсалтай нь энэ сайхан хоттой танилцах боломж бидэнд байсангүй. Угийн шахуу төлөвлөгөөндөө баригдан хажуугаар нь хараад л өнгөрлөө. Дараа эргэн ирэх боломж гарна гэдэгт итгэлтэй байгаа. Замын турш бидний амьсгаа даран түгшдэг нэг л асуудал бол замын нөхцөл байдал. Мянганы нэртэй зам ашиглалтанд ороогүй учир, шавар шавхай, жалга нуга туулж гарах ёстой.

Энэ удаа бороо ороогүй хөрс хуурай байсан ч сул элстэй бяцхан жалганд автобус маань хүч алдчихав. Унаагаа гаргах гэж багагүй хүчин чармайлтыг гаргасны эцэст чадварлаг жолооч, эрчүүд маань асуудлыг амжилттай давлаа. Яаруу яаруу л гэнэ. Хангай нутаг биднийг ийм хурдан явуулахыг хүсээгүй бололтой. Суурин газар очиж хоноглох төлөвлөгөөтэй явж байсан бидний автобусны дугуй хагарсанаар зогсохоос өөр аргагүй болсон юм. Гэхдээ хамгийн гайхалтай нь бид Идэрийн голын хөвөөнд хонох болжээ. Эрчүүд хагарсан дугуйгаа сольж, бусад нь майханаа босгож, үйлчилгээнийхэн оройн хоол, цай бэлтгэсэнээр энэ оройн их ажил эхэлсэн юм. Хоол ундандаа орсоны дараа эртхэн амрах хэрэгтэй. Маргааш маш урт зам биднийг хүлээж байгаа. Харин залуучууд голын усанд сэлэхээр шөнө дунд зориг шулуудсан юм. Идэрийн голын урсгал хүчтэй учир эргээс хол явж болохгүй. Гэхдээ ус нь маш дулаахан.  Идэрийн голын усанд хоноглох тэр л сарны туяаг мартахгүй тийм л үдэш байлаа.

2015 оны 08 сарын 24-ны Даваа гараг

Өглөө эртлэн босч өглөөний ундаа уусанаар замдаа гарлаа. Идэрийн голын ус зөөлөн долгиолж, усны шувууд нь хүртэл цуглан биднийг замд үдсэн юм. Гайхалтай дүр зураг, гайхалтай үзэсгэлэнт байгаль. Бидний өглөөний зогсоол Завхан аймгийн Их-Уул сум байв. Энд ирээд нутгийн жимсээр дайлуулсан маань санаанаас гарахгүй байх. Жинхэнэ эрүүл хөрсөнд ургаж, тээвэрлэлт хадгалалтын ямар нэг бодис холиогүй эрүүл жимсийг гэр гэртээ авч харихаар багагүй ажил өрнөсөн юм. Энэ үед замд хагарсан дугуйгаа ч нөхөөд авсан. Боломжийг ашиглаж сайхан аагтай цай олоод уучихсан гэж байгаа. Зам үргэлжилсээр Архангай аймгийн Тариат сумаас түлшээ дүүргэж авлаа.

Өнөөдрийн зам маш шахуу явж байгаа учир замдаа буудаллах талаар яриа гарахгүй. Өглөө гэхэд хотод очсон байх ёстой. Хангай нутгийн сайхан байгалийг автобусныхаа цонхоор ажсаар Солонготын даваа хэмээх өндөр давааг даван гарсан юм. Энэ даваа биднийг Увс аймаг руу явж байхад битүү цастай угтаж гайхшруулсан юм. Харин одоо цас нь хайлаад замын хажуугаар уулын булаг тал талаасаа урсаж үзэсгэлэн гоогоо гайхуулж байлаа. Сүрлэг бахадмаар бас гайхмаар Чулуутын гол бидний замд тааралдсан байгалийн нэгэн гайхамшиг байлаа. Манай багийнхан Чулуутын голд түр саатаж Ховдын амттай тарвас хувааж, зургаа татуулан амс хийв. Зуун салаа мод нэртэй аварга том хүслийн модонд хүслээ шивнэснээр бид цааш замдаа гарсан юм. Гэхдээ энд нэгэн зүйлийг цохон тэмдэглэхэд Хүсэл биелүүлдэг, ид шидтэй гэх шүтлэг бишрэлийн хар гайгаар тэр сайхан мод хадаг яндарт багалзуурдуулж “мөхсөн” байлаа. Байгаль дэлхийгээ хайрлах суу ухаант Монголчууд минь шашны итгэл үнэмшлээ тааруулж байх хэрэгтэй юм шиг санагдсаныг нуух юун. Бас гадаад дотоодын аялагч амрагч нар бага гэхэд бас л багадмаар хэмжээтэй хогын цэг байгуулаад амжжээ. Хэрвээ цаг, завтай явж байсан бол энэ их хогыг бага ч болов түүж байгаль дэлхийгээ баярлуулмаар л байлаа. Мэдээж хэрэг бид хог хаяагүй. Бас хэсэгхэн газрын хогыг цэвэрлээд хөдөлсөн юм шүү.

Бидний хот орохоос өмнөх сүүлийн зогсоол бол Архангай аймгийн төв Цэцэрлэг хот. Энд байрлах Насан туршийн боловсролын төвийн захирал Мөнхтогтох биднийг хүлээн авч амттай цуйвангаар дайлан, самар худалдаж авах боломжийг олгож, нутгийн алдартай Булган уулаа танилцууллаа. Одоо замдаа гарвал үүрээр хотод оччих байх гэсэн таамагтай бид эндээс хөдөлсөн юм.

 2015 оны 08 сарын 25-ны Мягмар гараг

Шөнөжин давхиж, үүрийн 4 цагын үед нэг дугуй хагарсанаар дугуй солихоор бага зэрэг саатсаныг эс тооцвол ямар нэгэн саад бартаагүй явсаар өглөө 6.00 цагт хотод орж ирлээ. Ажил амжилттай, томилолт 100 хувь. Хол замын тэмдэглэл маань энд хүрээд өндөрлөж байна. Үзэсгэлэнтэй байгаль, сайхан сэтгэлтэй нутгийн зон олонтой танилцсан энэ томилолт нэг утгаараа аялал байсан гэхэд болно. Их ч зүйлийг сурлаа. Их ч ажлыг амжууллаа.

Сэтгэгдлүүд