Үндэсний сургалт-семинар боллоо

Үндэсний сургалт-семинар боллоо

2014 оны 5 дугаар сарын 22-23 өдрүүдэд Улаанбаатар хотын  “Бишрэлт” зочид буудлын хурлын танхимд аймаг, нийслэлийн дүүргүүдийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, Боловсролын газрын дарга, Албан бус/насан туршийн боловсролын төвийн захирал зэрэг нийт 80 хүн оролцсон, “Орон нутагт иргэдийн насан туршдаа тасралтгүй суралцах боловсролын үйлчилгээг боловсронгуй болгох, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх олон нийтийн ойлголт, хандлагыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх” зорилготой үндэсний хэмжээний сургалт-семинарыг БШУЯ, НТБҮТ зохион байгууллаа.

Орон нутагт иргэдийн насан туршдаа тасралтгүй суралцах нөхцөл, бололцоог хангах, насанд хүрэгчдийн боловсролын хэрэгцээг тасралтгүй явуулах Албан бус/насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагаанд удирдлагын зүгээс дэмжлэг үзүүлэх, тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилт тавьсан бөгөөд хүний хөгжлийн чиглэлийн яамд болох ХАХНХЯ, ХЗЯ, БОНХЯ, ЭМЯ, ХЯ, ССАЖЯ-ны төлөөллүүд оролцож олон нийт рүү хандсан үйл ажиллагааныхаа талаарх мэдээлэл-танилцуулга хийлээ.

Сургалт-семинарын нээлтэд БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг, СБТГ-ын дарга Б.Насанбаяр нар оролцон үг хэлж, мөн яамны мэргэжилтэн Ж.Нарантуяа, Ч.Энхбаяр, Л.Отгонсүрэн нар илтгэл тавин, нээлттэй ярилцлага өрнүүллээ. Тус сургалтанд Суурь болон насанд хүрэгчдийн боловсролын төлөө Ази, Өмнөд Номхон далайн нийгэмлэгийн Чадавх хөгжүүлэх, бодлогод нөлөөлөх ажлыг дэмжих ажилтан Мария Хелен Дабу, бодлогын ахлах шинжээч Рене Раяг нар урилгаар оролцон “Бичиг үсгийн боловсрол ба насанд хүрэгчдийн боловсролын санхүүжилт”, “Насан туршдаа суралцахуй” сэдвээр БНСУ, Филиппин, Монгол улсын жишээн дээр  харьцуулан илтгэл тавьсан нь оролцогчдын анхаарлыг их татаж, бусад орны туршлага судлах бас нэг боломж болж өглөө.

Уг сургалт зохион байгуулагдсаны үр дүнд орон нутгийн удирдлага боловсролын чанарын шинэчлэлийн бодлого, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэлтэй болж, насан туршийн боловсролын үйлчилгээ, хүүхэд хамгааллын талаарх ойлголт нь нэмэгдэж, хүүхэд, насанд хүрэгчдийн боловсролын ээлтэй үйлчилгээг явуулах Албан бус/насан туршийн боловсролын төвийн   үйл ажиллагааг орон нутгийн байгууллагууд, хувь хүмүүсийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулснаар үр дүнд хүрнэ гэдгийг хүлээн зөвшөөрч, орон нутагт зохион байгуулах ажлынхаа урьдчилсан төлөвлөгөөг гаргаж хэлэлцлээ.

Оролцогчид “Насан туршийн боловсролын үндэсний хөтөлбөр”-ийн төсөлтэй танилцан, нэмж тусгах өөрсдийн саналыг нэгтгэн өгсөн нь үйл ажиллагааны бас нэг чухал хэсэг боллоо хэмээн зохион байгуулагчид үзлээ.

Сэтгэгдлүүд