Р.Бандий: Боловсролын салбарын мастер төлөвлөгөө нь тогтвортой бодлого хэрэгжүүлэхэд чиглэнэ

Р.Бандий: Боловсролын салбарын мастер төлөвлөгөө нь тогтвортой бодлого хэрэгжүүлэхэд чиглэнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Азийн хөгжлийн банкны “Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх төсөл”-тэй хамтран “Монгол Улсын боловсролын салбарын мастер төлөвлөгөө”-г боловсруулах оролцогч талуудын анхдугаар уулзалт, хэлэлцүүлэгийг өнөөдөр зохион байгууллаа.  

АХБ, БСШУСЯ болон Сангийн яам “Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх” төслийн санамж бичигт энэ оны хоёрдугаар сард гарын үсэг зурсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд, “Монгол Улсын боловсролын салбарын мастер төлөвлөгөө” боловсруулах ажлыг салбарын яам тус банкны техникийн туслалцааны төслийн багтай хамтран хэрэгжүүлж эхэллээ. 

Шинэ мастер төлөвлөгөөг боловсруулах  асуудлаар  оролцогч талуудын анхдугаар  уулзалт, хэлэлцүүлэгт боловсролын мастер төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг үзүүлэх АХБ техникийн тусалцааны зөвлөх багийн ахлагч, проф. Жон Вайдман,  сайдын ахлах зөвлөх С. Мөнхбат нар үг хэлж, илтгэл тавилаа. Мөн БСШУСЯ-ны бодлогын газрын дарга нар, боловсролын судалгаа, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Насан туршийн боловсролын төв, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл, Боловсролын үнэлгээний байгууллага, их, дээд сургуулиудын удирдлага, эрдэмтэн  судлаачид болон АХБ, Дэлхийн банк, ЖАЙКА, ЮНЕСКО, ЮНИСЕФ зэрэг олон улсын хандивлагч байгууллагын төлөөлөл оролцлоо.

Уулзалтад оролцогчид  боловсролын салбарт тулгамдаж буй асуудлууд, боловсролын салбарын шинэ мастер төлөвлөгөөнд тусгах шаардлагатай нэн тэргүүлэх чиглэлүүд, мастер төлөвлөгөөний бүтэц, бүрэлдэхүүн, түүнийг хэрэгжүүлэх  үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн талаар  санал, бодлоо солилцлоо. БСШУС-ын сайдын зөвлөх  С.Мөнхбат "Боловсролын салбарын мастер төлөвлөгөөг өмнө нь1995-2000, 2000-2005, 2006-2015 он гээд гурван удаа боловсруулсан байдаг. Дөрөв дэх  удаагийн мастер төлөвлөгөөг бүх шатны боловсролын агуулга, стандарт, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох, багшийн хөдөлмөрийн үнэлгээг олон улсын түвшинд хүргэх, боловсролын салбарын төлөвлөлт, ялангуяа бодлогын болон хөрөнгө оруулалт, санхүүгийн төлөвлөлтийг сайжруулах, боловсролын салбарын төсвийн бүтцэд нарийвчилсан дүн шинжилгээ хийсний үндсэн дээр боловсруулах нь зүйтэй” гэв.

Сэтгэгдлүүд