Багшийн ажлын ачаалал буурна, Гэрийн даалгавар багасна.

“Сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн агуулга, суралцахуйн удирдамжийг сайжруулсан үр дүн” сэдэвт үндэсний 2 дахь хэлэлцүүлгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам өнөөдөр зохион байгуулж, хот, хөдөөгийн 120 гаруй багш, боловсролын салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид оролцлоо. Өмнөх хэлэлцүүлэг 3 дугаар сард зохион байгуулагдсан.

Сургалтын хөтөлбөрийн агуулгыг Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн мэргэжилтнүүд, судлаачдын баг сүүлийн 2 сар гаруй хугацаанд сайжруулж, багш, сурагчдын ачааллыг бууруулахын тулд 1-12 дугаар ангид заадаг 4221 суралцахуйн зорилт буюу шинэ мэдлэг, чадвар, хандлагын тоог 3445 болгож багасгахаар тооцсон байна. Ингэснээр нэгж суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэхэд ногдох цаг нэмэгдэж, тухайлбал бага ангид 2.9 цаг байсан бол 3.8 цаг болно гэдгийг багш, судлаачид хэлж байна.

Өнөөдрийн Хэлэлцүүлэг долоон хэсэгтэй болж, хичээлүүдийн агуулгыг нэгбүрчлэн ярилцаж байна. Агуулгыг сайжруулахын тулд зарим давхардлыг хасаж, өөр анги руу шилжүүлсэн бол хүндэдсэн агуулгыг энгийн болгох, танин мэдэхүйн түвшин, нас сэтгэхүйд нь тохируулах аргыг хэрэглэсэн байна. Мөн зарим агуулгын багтаамжийг цомхотгож, томъёоллыг нь хэл найруулгын хувьд ойлгомжтой болгох шийдлүүдийг хийсэн гэдгийг хөтөлбөр дээр ажилласан багш нар онцолж байна.

Түүнчлэн хичээлийн цагт багтаагүй агуулгыг гэрийн даалгаварт өгдөг нь сурагчдад ачаалал нэмдэг байна. Энэ бүхнийг шийдэхийн тулд өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийн дагуу сургалтын хөтөлбөрийн агуулгыг сайжруулж, сургууль, багш, сурагчдын ачааллыг ирэх есдүгээр сарын 1 гэхэд бууруулна гэж салбарын яам үзэж байна.