Монгол хэл, соёлын сургалт зохион байгуулах багш нарыг чадавхжуулах сургалт болж байна.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед эх орондоо түр болон бүрмөсөн ирсэн монгол хүүхэд, залуучуудын эх хэлний мэдлэгийг дээшлүүлэх, түүх, үндэсний соёл урлаг, ёс заншил, өв уламжлалаас суралцах, эх орноороо бахархах үзэл, хандлагатай болоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол хэл, соёлын сургалтыг аймаг, дүүргийн НТБ-ын төвүүдэд зохион байгуулахаар болсон. Хилийн чанад дахь Монгол хүүхдэд зориулсан “Монгол хэл, соёлын сургалтын жишиг хөтөлбөр”- ийг хэрэгжүүлэх арга зүйн сургалтыг Насан туршийн боловсролын үндэсний төв, Боловсролын хүрээлэнгийн Үндэсний цөөнх болон гадаад дахь монгол хүүхдийн боловсролын судалгааны сектор, БМДИ-тэй хамтран 2020 оны 9 дүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтад аймаг, дүүргийн насан туршийн боловсролын багш нар хамрагдан жишиг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам, түвшин бүрт тохирсон бүлэг, нэгж, ээлжит хичээлийг хэрхэн төлөвлөх, зорилтот бүлгийн суралцагчийг оношлох, үнэлэх, эцэг эхтэй хэрхэн хамтран ажиллах, танхим болон зайнаас сургалт зохион байгуулах онцлог, цахим хичээлийн хэрэглэгдэхүүн боловсруулах чиглэлээр чадавхжиж байна.