Тогтвортой хөгжлийн боловсрол

Тогтвортой хөгжлийн боловсрол

Тогтвортой хөгжил гэдэг нь ирээдүй хойч үеийнхний хэрэгцээгээ хангах боломжийг алдагдуулахгүйгээр өнөөдрийнхөө хэрэгцээг хангахыг хэлнэ”.

(Бидний хамтын ирээдүй, Хүрээлэн буй орчин ба Хөгжлийн даян дэлхийн комиссийн тайлан, 1987 он)

2002 онд Өмнөд Африкийн Иоханнесбург хотноо даян дэлхийн тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдсан юм. Энэхүү дээд хэмжээний уулзалтаар эдийн засаг, нийгмийн хөгжил, хүрээлэн буй орчныг хамгаалах харилцан уялдаа бүхий, бие биеэ тэтгэх тогтвортой хөгжлийн үндэс суурийг бэхжүүлэх хамтын үүрэг хариуцлагыг тунхаглаж тогтвортой хөгжлийн боловсролын олон улсын арван жилийг зарлахыг уриалан “Иоханнесбургийн тунхаглал” зэрэг баримт бичгүүдийг баталсан байдаг. НҮБ-аас 2005-2014 оныг Тогтвортой хөгжлийн боловсролын 10 жил болгон зарласан юм. Миний өнөөдрийн үйл ажиллагаа бидний маргаашийн ирээдүйд эерэгээр эсвэл эсрэгээр нөлөөлж байдаг учир цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд болон  их дээд сургуулиуд, боловсролын байгууллагууд нь хүүхэд залуучуудыг хариуцлагатай, дэлхийн иргэн болгон төлөвшүүлэх, хамтран аж төрөх, хамтран ажиллах, суралцахад сургах, уур амьсгалын өөрчлөлт зэрэг глобал асуудлуудыг хамтдаа шийдэхэд сургахад чиглэн ажиллах хэрэгтэй болж байгаа юм. Тогтвортой хөгжлийн боловсролын 10 жил нь боловсролыг тогтвортой хөгжлийн үндэс гэж үздэг тул боловсролын чанарыг сайжруулахад чиглэгдэнэ. Мөн тогтвортой хөгжлийн боловсрол нь хүрээлэн буй орчины асуудал болох ус, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон төрөл зүйл, тогтвортой үйлдвэрлэл болон хэрэглээгээр хязгаарлагдах бус ядууралтай тэмцэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийгмийн өөрчлөлтийн удирдлага зэрэг хөгжлийн эдийн засгийн аспектууд болон соёлын олон төрөл зүйлийг хамгаалан авч үлдэх, жендерийн эрх тэгш байдлыг хангах, ДОХ-той тэмцэх, ард түмний уламжлалт зан үйлийг хамгаалах зэрэг нийгмийн асуудлуудыг ч хамардаг юм. ЮНЕСКО Тогтвортой хөгжлийн боловсролын 10 жилийн манлайлагч байгууллагын хувьд тогтвортой хөгжлийн боловсролын үзэл баримтлалыг албан болон албан бус боловсролын замаар нэвтрүүлэхэд чиглэн ажилладаг билээ.

Тогтвортой хөгжил, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсрол (ТХ/НХ/ТХБ)-ын асуудлаар дэлхийн хэмжээнд сэтгэж, үзэл санааг ойлгон ухаарч, амьдарч буй орон нутагтаа зохистой үйл ажиллагаа явуулах нь тогтвортой хөгжлийн боловсролын нэг чухал санаа юм. Бид нэг дэлхий дээр амьдарч байгаа учраас дэлхий нийтийг хамарсан энэхүү асуудлыг шийдвэрлэхэд хүн бүр амьдарч буй орчноо илүү сайн ойлгон ухаарч, тогтвортой хөгжлийн үзэл санааны дагуу үйл хийх, амьжиргаагаа тогтвортой авч явахын тулд тогтвортой хөгжлийн боловсролтой байх хэрэгцээ, шаардлага тулгарч байна.

Дэлхийн түвшинд “Тогтвортой хөгжлийн боловсрол” гэж нэрлэгдэж буй энэхүү боловсролыг хэн нэг хүнээр заалгах, аль нэг номоос унших замаар эзэмших боломжгүй бөгөөд иргэн бүр ТХ/ТХБ-той холбоотой мэдээллийг интерактив хэрэглэх, тогтвортой хөгжлийн төлөөх үйл ажиллагаанд идэвхтэй, хариуцлагатай хамтран оролцох, ТХ-ийн төлөө бие даан үйл хийх, бусдыг уриалах зэргээр санаачилгатай ажиллаж, амьдран, өөрийн гэсэн хувь нэмрээ оруулан байж тогтвортой хөгжлийн боловсролыг эзэмших боломжтой. Тогтвортой хөгжлийн боловсрол нь хүмүүсийг хий хоосон ярих биш үйл хийх, хийхдээ сэтгэлгээ болон үйлийн арга барилаа XXI зууны шинэ нөхцөл байдалд тохируулан өөрчлөхийг шаардаж байна. ТХБ-ыг нэг удаагийн сургалт, үйл ажиллагаагаар эзэмших боломжгүй бөгөөд өмнө хийж бүтээсэн үйлийн давуу, сул талыг байнга дүгнэн, дараагийн үйл ажиллагааг илүү ахисан түвшинд, илүү чанартай хэрэгжүүлж, насан туршдаа суралцан эзэмших боловсрол юм.