Амьдрах ухаанд суурилсан бичиг үсгийн хөтөлбөр

Амьдрах ухаанд суурилсан бичиг үсгийн хөтөлбөр

БИЧИГ ҮСГИЙН СУРГАЛТ

Бичиг үсгийн боловсрол бол хамгийн анхан шатны суурь боловсрол бөгөөд үүнээс эхлэн боловсролын цаашдын түвшин болох бага, суурь гэхчлэн бусад боловсролын түвшингээр суралцах боломжтой юм.

Дэлхий нийтийн томоохон зорилтууд болох Мянганы хөгжлийн зорилт, Дакарын үйл ажиллагааны бүтэцчилсэн хүрээ - Бүх нийтийн боловсролын зорилт, “Бичигтэн” болох НҮБ-ын 10 жил болон Тогтвортой хөгжлийн боловсролын 10 жилийн хүрээнд тулгарч буй нэгдмэл нэг зорилт бол “хүн амынхаа бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх замаар амьдрах, аж төрөх ухаанд сургах, амьдралын чанарыг дээшлүүлэх, ядуурлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй амьдралын зөв зан үйлийг төлөвшүүлэх” явдал юм.

Хөтөлбөрийн зорилт:

  • Бичиг үл мэдэгч насанд хүрэгчдийг бичиг үсэгт тайлах, ялангуяа үндэстний цөөнхийн бичиг үсэгт тайлагдалтын түвшинг нэмэгдүүлэхэд туслах
  • Бичиг үсэг бага мэдэгчдийн унших, бичих, тооцоолох мэдлэг чадварыг дээшлүүлэх замаар мэдлэг чадварын түвшинг ахиулах
  • Бичиг үсгийн дараах сургалтаар дамжуулан амьдрах ба аж төрөх ухаанд суралцуулах, ингэснээр өрхийн орлогоо нэмэгдүүлж, амьдралын чанараа дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх
  • Насанд хүрэгчдийн, ялангуяа алслагдсан нутгийн болон үндэстний цөөнхийн бичиг үсгийн боловсролыг дээшлүүлснээр бүх хүн амыг функционоль бичигтэн болгох

Бичиг үсгийн сургалтыг БСШУ-ны сайдын 2010 оны 556 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан  “Амьдрах ухаанд суурилсан бичиг үсгийн хөтөлбөр”–ийг мөрдөн хэрэгжүүлнэ. Аймаг нийслэл, сум дүүргийн Насан туршийн боловсролын (хуучин нэрээр Гэгээрэл) төвд  1997-2017 онд зохион байгуулсан бичиг үсгийн анхан, дунд, гүнзгий, бичиг үсгийн дараах 4 шатны сургалтад  172,3 мян иргэн хамрагдаж бичиг үсгийн түвшин ахиж, түүний 130,0 мян иргэн нь бичиг үсэгт тайлагдсан бөгөөд бичиг үсэг тайлагдалт 71,4 хувьтай байна.