Ёс суртахуун-төлөвшлийн боловсрол

Ёс суртахуун-төлөвшлийн боловсрол

Өнөө үед “ёс суртахууны хямрал” хүн төрөлхтний “глобаль” асуудал болоод байна. Дэлхийн улс орнууд “шинэ мянганы иргэдийн ёс зүйн боловсрол”-ын асуудалд анхаарал хандуулж, боловсролыг ёс зүйд үндэслэх нь цаг үеийн хэрэгцээ, шаардлага хэмээн үзэж байгаа билээ.

Ёс зүй нь хүний үйлдэл, сэтгэл оюуныг зөв замд чиглүүлэх, ёс бус буруу үйлдлээс сэргийлэхэд тусалдаг учраас хүн ёст, зөв сайн, бидний хэлдгээр “хүн чанартай” хүн төлөвшихийн суурь юм. Хүн хүнтэйгээ харьцах ёс суртахууны үнэт чанарыг эзэмшүүлэх, нийгмийн харилцааны бүхий л хүрээнд мөрдөх хэм хэмжээг ухамсарлуулах үйл ажиллагаа, түүний үр дүнг ёс зүйн боловсрол гэнэ.

Түрэмгийлэл, танхайрал, залилан, авилгал хаа сайгүй байгаа өнөө үед нийгэм, бие хүний ёс суртахууны харилцаа эерэг, сөрөг чиглэлээр хувьсах нь зайлшгүй. Гэхдээ дэлхийн олон нэрт гүн ухаантан, сурган хүмүүжүүлэгчид “хүн өөрөө ямагт зөв сайн үйл хийх, сайн зүйл бүтээх эрмэлзэлтэй байх нь хамгийн чухал”, харин нийгэм бол “хүний ёс зүйн төлөвшлийн шалгуур”,  ёс зүйн боловсрол нь хүхэд залуучууд, бие хүнээс өөрсдөөс нь, гэр бүлээс эхэлж явагддаг прагматик байх ёстой гэсэн санааг дэвшүүлсэн байна.

Монголчууд эрт дээр үеэс ёс зүйн боловсрол, хүмүүжлийг эзэмшүүлэх ёс зүйн харилцааны 80 хувь нь  гэр бүлд оногддог хэмээн үзэж байсан тул хүүхдээ: “0-3 насанд нь хаан мэт тахи,  4-7 насанд нь хатан мэт тойл, 7-13 насанд нь харц мэт дагуул, 13-25 насанд нь  хань мэт зөвлө” гэж сургаж байжээ. Монгол хүүхдийг монгол хүн болгон хүмүүжүүлж, ёс суртахууныг нь төлөвшүүлэхийн тулд  монгол хүний, гэрийн, төрийн ёсны уламжлал, тухайн хүний ухамсар, соёлын хэмжээг илтгэдэг нийтийн ёс горим, ёс суртахууны эгэл хэм хэмжээ, зарчим, үндсэн ойлголтуудын талаарх суурь мэдлэгийг төрхөөс нь эхлээд гэр бүлд нь, цэцэрлэг, сургуульд нь уян хатан, прагматик хувилбартай эзэмшүүлэн “...хүмүүнлэг, үндэсний дэвшилтэт ёс заншил, ёс суртахууны соёлыг эзэмшсэн, эх оронч, хууль ёсыг дээдэлдэг үзэл төлөвшсөн“   иргэн болгох нь эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, бид бүхний үүрэг билээ.

Харин хойч үеээ ёс суртахуунтай, төлөвшсөн иргэн болгон хүмүүжүүлэх аав, ээж, ахмад үе, насанд хүрэгчид өөрсдөө биеэр үлгэрлэн, үр хүүхэд, гэр бүл, нийгэм, улс эх ороныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн, өөрсдийн хөдөлмөрөөр, урлаг, сургаалаар үлгэр жишээ болох ёстой. Улс орон маань ч эрх зүйт төртэй, сайн засаглалтай, иргэний ардчилсан нийгэмтэй  орон байхын тулд ёс суртахууны хэм хэмжээ, үндсэн ойлголтуудыг иргэддээ төрхөөс нь эхлээд насан туршид нь тасралтгүй олгох шаардлагатай байна. Учир нь хүн бүр хүнлэг, сайн хүн байж, зөв амьдрах үүрэгтэй.

Зорилго: Насанд хүрэгчдийн ёс суртахуун-төлөвшлийн боловсролын талаарх мэдлэг чадварыг дээшлүүлэх, улмаар нийгэмд бие даан амьдрах чадвар бүхий ёс суртахууны боловсрол, хүмүүжилтэй иргэн төлөвшүүлэх, тэдний амьдралын чанарыг дээшлүүлж, нийгмийн баталгааг хангах 
Зорилт:  

  • Сайн ба муу, шударга ёс, үүрэг, нинжин сэтгэл, нэр төр, аз жаргал зэрэг ёс суртахууны үндсэн ухагдахуунуудыг зөв, эерэг талаас нь ойлгуулж, итгэл үнэмшил төлөвшүүлэх
  • Үнэнч байх, хүнлэг, энэрэнгүй байх, хөдөлмөрч хичээнгүй байх, хамтач байх, нийгэм хамт олны үйлсэд бие сэтгэлээ зориулдаг байх, байгаль орчныг дээдлэн хамгаалдаг байх, эх оронч байх зэрэг ёс суртахууны зарчмуудыг баримталдаг болгож, сэтгэлд нь суулгах
  • Хүнийг хүндлэх, дээдлэх, хайрлах, туслах г.м. ёс суртахуун, эрх зүйн хэм хэмжээг баримтлах хүсэл сэтгэлийг төрүүлэх, өдөр тутмын амьдралдаа баримталдаг болгох
  • Үр хүүхэд, гэр бүл, хувь хүн, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлах чадвартай болгох
  • Харилцааны соёл эзэмшүүлэх, хувь хүн, нийгмийн бүхий л давхаргын хүмүүстэй харилцах чадвартай болгох
  • Нийгэмд өөрийн байр суурийг олох, амьдралаа төлөвлөх, зохион байгуулах, зохицуулах, авч явах чадвартай болгох
  • Ёс суртахуунтай, оюунлаг, хүнлэг “зөв хүн”-иргэн төлөвшүүлэх

Агуулга

Дэд сэдэв

Мэдлэг

Чадвар

Хэрэглээ

Ёс зүйн боловсрол олгож ирсэн түүхэн уламжлал

Монголчуудын ёс зүйн боловсрол олгож ирсэн түүхэн уламжлал

  • Бидний өвөг дээдсээс уламжлагдан ирсэн ёс суртахууны арвин баялаг сургаал, суртлын үлгэр домог, аман зохиол, ардын зан үйл, цээрлэл бэлгэдлээр дамжуулан хойч үедээ өвлүүлсэн эх сурвалж, бүтээлүүдийг уншин дүгнэлт хийж, эрэгцүүлэн бодож, зохих мэдлэгтэй болох, амьдралдаа хэрэглэх чадвартай болох
  • Хүүхэд, дүү нартаа сургамжтай үлгэр уншиж өгөх, зүйр цэцэн үг, сургаал үг цээжлүүлэх, утгыг ярилцах, зохих дүгнэлтийг зөв гаргах
  • Хүүхдийг хүмүүжүүлж ирсэн эцэг өвгөдийн аргуудаас судалж унших, хэрэгцээтэйг нь тэмдэглэх, өөрийн өдөр тутмын амьдралд санаж, мөрдлөг болгох, бусаддаа ярьж өгөх, зөвлөх

Монгол ардын аман зохиол дахь ёс зүйн үзэл

Уламжлалт ёс заншил

Шашин ба ёс зүй

  • Буддагийн сургааль, Есүс Христийн Библи, Хуучин гэрээ, Моисейн Арван хууль, Ислам шашны Коран судар, Күнзийн Шүүмжлэлт өгүүлэл зэрэг болон бусад эртний бүтээлээс хүн төрөлхтөнд шударга ариун, өгөөмөр, өрөвч энэрэнгүй ёсыг эзэмшүүлэх ёс зүйн сургаалиудыг сургаал талаас нь уншиж, , авах гээхийн ухаанаар хандаж, зөв дүгнэлт хийх чадвартай болох.
  • Эрт үеэс улбаатай ёс зүйн сэтгэлгээний түүхийг судлаж зохих мэдлэгтэй болох, бусадтай энэ сэдвээр харилцан ярилцах чадвартай болох
  • Дээрх библи, судар, өгүүлэлд бичигдсэн ёс зүйн сургаалиудаас өөрийн өнөөдрийн амьдралд хэрэглэж болох зүйлсийг тэмдэглэн авах, хэрэглэх
  • Үр хүүхэд, найз нөхөддөө шашин талаас биш, ёс суртахууны талаас нь тайлбарлаж, ярьж өгөх, шударга ариун, өгөөмөр, өрөвч энэрэнгүй, хүн хүнээ хайрлан хүндэтгэх ёсыг сэтгэлд нь суулгах

Хүмүүжил, ёс суртахууны төлөвшил

Ёс суртахууны ерөнхий ойлголтууд, үнэт зүйлс

  • Сайн ба муу зүйл, шударга ёс, зүй бус зүйл, аз жаргал, зовлон гуниг, нинжин сэтгэл, нэр төр, гутамшиг, амьдралын утга учир зэргийн талаар зөв ойлголттой болох, ээдрээтэй зүйлсийг даван туулах чадвартай болох,
  • Бие, хэл, сэтгэл- оюуны үйлийг шинжилж, зөв үйл хийхийг хичээх, сэтгэл муу зүйлийг жигшин цээрлэх, сайн үйлийг хөгжүүлэх чадвартай болох
  • Хүний амьдралд юу зөв, юу буруу үйлдэл болохыг ялгаварлан, юу хийх, юу эс хийхийг ухамсарлан ухаарч зан үйл, хэвшил болгох
  • Сайн үйл хийх сэтгэлтэй болох

Ёс суртахууны зарчмууд

  • Үнэнч, хүмүүнлэг, энэрэнгүй, хүний мөс, чанар сайтай, хөдөлмөрч хичээнгүй, арвич хямгач, хамтач, нийгэм хамт олны үйлсэд бие сэтгэлээ зориулж чаддаг, байгаль орчноо дээдлэн хамгаалдаг, эх оронч сэтгэлтэй болох зэрэг зарчмуудыг амьдралд хэрэглэх чадвартай болох
  • Энэ зарчмуудад итгэл үнэмшилтэй, үнэнч байх, өөрийн амьдралын хэвшил, хэрэглээ болгох
 

Зан суртахууны хэм хэмжээ

  • Хувь хүний зан чанарын сайн, муу талын онцлогийг эргэн тойрны хүмүүсийн жишээн дээр эргэцүүлэн бодох, шүүн тунгаах чадвартай болох
  • Өөрийн болон бусдын үйлдэлд ёс суртахууны хувьд үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай болох.
  • Өөрийн гаргасан алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч, бусдаас уучлалт гуйх чадвартай болох
  • Овилгогүй, хэдэр хэрцгий, туйлбаргүй, аминч, сувдаг, зусарган, атгаг зангийн муу талыг ойлгон, гарах сөрөг үр дагаварыг ой тойндоо ортол мэдэрч жигших, бусдад ч ийм зан чанарын сөрөг талыг ухамсарлуулан ойлгуулах
  • Энгийн даруу, эелдэг эвч, туйлбартай, итгэлтэй, хүлээцтэй, уриалгахан байх занг өөрийн болгон “Хүний мөстэй, хүн чанар”-тай нэгэн гэдгээ үйлдэл бүрээрээ бусдад үлгэрлэн үзүүлэх

Ёс суртахууны үүрэг, хариуцлага

  • Хувь хүн өөрөө өөрийхөө өмнө болон гэр бүл, байгууллага, нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагаа ухамсарлах чадвартай болох
  • Иргэний хувийн төлөвшил, ур чадвараа хөгжүүлэн уламжлалт их, бага таван ухаанаас суралцан амьдралд хэрэглэх чадвартай болох
  • Иргэний хувьд оролцох, бүтээх сайн үйл хийх сэтгэлтэй болох
  • Иргэний үүргээ биелүүлдэг, хариуцлага хүлээдэг, нийгмийн амьдралд оролцох
  • Иргэн төрийн харилцааг баримталж, нийгмийн хэм хэмжүүрийн дагуу амьдрах

Харилцааны соёл

Харилцаа, харилцааны соёл

  • Хүмүүсийн болон нийгмийн харилцааны талаар эргэцүүлэн бодох, харилцааны ур чадвар эзэмшихийн чухлыг ухаарах, харилцааны соёлыг эзэмших,
  • Хаана, хэнтэй, ямар асуудлаар, юуг шийдвэрлэхээр харьцаж байгаагаа мэдрэх чадвартай болох
  • Харилцааны соёлыг эзэмшиж, өөрийн амьдралын хэрэглээ болгох
  • Нөхцөл байдлыг мэдэрч баг, хамт олны дунд биеэ зөв авч явдаг болох

Хувь хүн ба хүмүүсийн /нийгмийн/ хамтын амьдрал

  • Хувь хүн ба нийгмийн хамтын амьдрал, түүний зохион байгуулалт, дэг журмын үүрэг, ач холбогдолын талаар зөв төсөөлөх, нийгмийн нэг гишүүн нь байж, хамтран амьдарч, ажиллах чадвар эзэмших
  • Хувь хүн хамтын амьдрал, харилцаанд орох замаар нийгмийн гишүүн болох тухай зөв төсөөлөх, хувь хүнийг хүндэтгэх соёлоос суралцаж, алхам тутамдаа хэрэглээ болгох
  • Хүмүүс хамтын амьдралын дэг журмаа хэрхэн тогтоож, сахидаг талаар зөв төсөөлөлтэй болох, түүнийг даган мөрдөж, хэрэгжүүлдэг байх

Үнэлгээ:

  • Эрт дээр үеэс уламжлагдан ирсэн ёс суртахууны арвин баялаг сургаал, суртлын үлгэр домог, аман зохиол, ардын зан үйл, цээрлэл бэлгэдлийн талаар тэмдэглэл хөтлөн, дүгнэлт хийж, эрэгцүүлэн бодож, зохих мэдлэгтэй болон,   бусдад ярьж өгөн, зарим нэг зүйр цэцэн үгсээс цээжлэн, өдөр тутмын амьдралдаа хэрэглэж чаддаг болсон эсэх
  • Шашны судар, өгүүлэлд бичигдсэн шударга ариун, өгөөмөр, өрөвч энэрэнгүй, хүн хүнээ хайрлан хүндэтгэх ёс зүйн сургаалиудыг тунгаан бодож, дүгнэлт хийж, тэмдэглэл хөтлөн, бусдад шашин талаас нь биш, ёс суртахууны талаас нь тайлбарлаж, ярилцлага өрнүүлэн, зөв дүгнэлтэнд хүрсэн эсэх, хүн хүнээ хайрлах, хүндлэх чанар сэтгэлд нь суусан эсэх
  • Сайн муу, зөв буруу үйлдлийг ялгаварлан, дүгнэлт хийж, өөрөө буруу зүйл хийхгүй байх сэтгэлтэй болсон эсэх, бусдад зөв үлгэр үзүүлдэг эсэх
  • Үнэнч, хүмүүнлэг, энэрэнгүй, хүний мөс, чанар сайтай, хөдөлмөрч хичээнгүй, арвич хямгач, хамтач, нийгэм хамт олны үйлсэд бие сэтгэлээ зориулах сэтгэлтэй болсон эсэх, бусдад туслаж чаддаг болсон эсэх
  • Энгийн даруу, эелдэг эвч, туйлбартай, итгэлтэй, хүлээцтэй, уриалгахан байх занг өөрийн болгож чадсан эсэх. Хүний мөстэй, хүн чанартай байх нь сэтгэлд суусан эсэх
  • Иргэний үүргээ биелүүлдэг, хариуцлага хүлээдэг, нийгмийн амьдралд оролцдог болсон эсэх