Бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалт

Бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалт

ДҮЙЦСЭН ХӨТӨЛБӨР

1997 онд Монгол улсын Засгийн газрын 116 дугаар тогтоолоор баталсан “Албан бус боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-т 6 үндсэн зорилт дэвшүүлсний нэг нь сургуулийн гадна буй болон сургууль завсардсан хүүхэд, залууст боловсрол нөхөн олгох чиглэл байсан юм. Энэ нь ямар нэгэн шалтгаанаар сургууль завсардсан болон сургуульд огт хамрагдаж байгаагүй хүүхэд, залууст ерөнхий боловсрол нөхөн эзэмших хоёр дахь боломж олгож, ерөнхий боловсролыг бүх нийтэд хүртээмжтэй болгох, Боловсролын тухай  хуулийн “бүх нийтээр суурь боловсролыг заавал эзэмших” тухай заалтыг хэрэгжүүлэхэд дүйцсэн хөтөлбөрийн сургалт чухал үүрэг гүйцэтгэхийг нотолсон билээ.

2001 онд Гэгээрэл (хуучин нэрээр)-ийн сайдын 169 дүгээр тушаалаар “Бага, суурь боловсролын дүйцсэн хөтөлбөр”,   2005 онд БСШУ-ны 387 дугаар тушаалаар  “Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн сургалтын хөтөлбөр”,  2006 оны Боловсролын тухай багц хуулийн 8.2, 40.2 дугаар заалтаар хуульчилснаар дүйцсэн хөтөлбөрөөр сургалт явуулах эрх зүйн бүрдэж, улмаар 2007 онд  БСШУ-ны сайдын 362 дугаар тушаалаар “Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр сургалт явуулах журам” батлагдан  “Иргэдэд тодорхой хугацааны боловсролыг нөхөх, бие даах хэлбэрээр эзэмшүүлэх зорилго бүхий бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартад нийцсэн  албан бус сургалтыг дүйцсэн хөтөлбөрийн сургалт гэнэ” хэмээн  тодорхойлов.

Аймаг нийслэл, сум дүүргийн Насан туршийн боловсролын (хуучин нэрээр Гэгээрэл) төвд 1997-2017 онд зохион байгуулсан сургалтад 177,9 мян иргэн дүйцсэн хөтөлбөрөөр суралцаж, 52,9 мян иргэн суурь болон бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна.

Дүйцсэн хөтөлбөрийн сургалтад мөрдөгдөж буй дүрэм, журам:

  1. БСШУ-ны сайдын 2007 оны 362 дугаар тушаалаар “Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр сургалт явуулах журам”
  2. БСШУ-ны сайдын 2010 оны 556 дугаар тушаалын:
  • 3 дүгээр хавсралт: “Холимог бүлгийн сургалтын хөтөлбөр”
  • 6 дугаар хавсралт: “Албан бус болон насанд хүрэгчдийн боловсролын багш бэлтгэх сургалтын хөтөлбөр”
  • 7 дугаар хавсралт: “Албан бус боловсролын сургалтын үлгэрчилсэн төлөвлөгөө”